04-26

2022

Дэлхийн номын өдөр-2022 “ОЮУТАН НОМЫН САНЧ” хөтөлбөр хэрэгжлээ

Дэлхийн номын өдөр-2022 “ОЮУТАН НОМЫН САНЧ” хөтөлбөр хэрэгжлээ. 
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Дэлхийн номын өдөр” тэмдэглэлт баярын хүрээнд МУБИС-ийн  номын сан нь Оюутан-Номын санч үйл ажиллагааг зохион байгуулж энэ өдөр оюутнууд номын сангийн нэгж бүр дээр ажилладаг уламжлалтай. 
2022 оны Дэлхийн номын өдрийн энэхүү ажиллагаанд МУБИС-ийн НХУС-ийн I-IV дамжааны 11 оюутан, Багшийн сургуулийн III дамжааны 1 оюутан Сайн дурын ажлын 2 кредит цагаа тооцуулан ажиллалаа.
 “Номын сангаар үйлчлүүлэх, номын санч болоод өөрөө ажиллах энэ хоёр үйл явц үнэхээр бодож байснаас ялгаатайн дээр бидний төлөө, бидний мэддэггүй маш нарийн чимхлүүр мэргэжлийн ажлыг номын санч нар маань өдөр бүр гүйцэтгэж оюутан биднийг сурч боловсрох боломжоор тасралтгүй хангаж байдгийг ойлголоо” хэмээн энд ажилласан оюутнууд сэтгэгдлээ хэлсэн юм. 
Оюутан номын санч нар маань энэ өдөр уншлагын танхимд үйлчилгээний номын санч болж уншигчдад эрж хайсан номыг олж өгөх, эрэл хайгуул хийхэд нь тусалж уншлаганд хөтлөхийн зэргэцээ өөрсдөө ч олон шинэ номтой танилцахын дээр шинэ болоод их уншигддаг номуудаар үзэсгэлэн дэлгэж найз нартаа толилуулав. Мөн гэрээр ном авахад номын сангийн В1 давхарын фондноос номын санч ямар их ном дотроос уншигчийн хүссэн номыг богино хугацаанд авчирч өгдөгийг мэдэрсэн ба тэдний хамгийн сонирхож хийсэн ажил бол ном сэлбэн засч, ном эмчлэх ажил гэдгийг дуу нэгтэй онцолсон. Тэд хэлэхдээ “Бидний анхаарал болгоомж алдан унагааж гэмтээсэн, урж гээгдүүлсэн ном хэвлэл эргээд бүтэн болоход ямар их ажиллагаа ордогийг биеэрээ мэдэрлээ. Үүнээс хойш номондоо гамтай хандаж байнаа” гэж ярилцаж байлаа. 
Ингээд номын сангийнхаа үйл ажиллагааг дэмжиж нэг өдөр МУБИС-ийн төв номын санд ажилласан Оюутан номын санч нар:
МУБИС-ийн НХУС-ийн I дамжааны оюутан Ж.Долгор, Д.Нямдэлгэр, II  дамжааны оюутан Ж.Тамаша, IV дамжааны оюутан Х.Бямбасан, Б.Нармандах, Б.Номиннарс, Л.Нэргүйбаатар, С.Өнөржаргал, Ч.Уранзаяа, Б.Хонгорзул, Н.Хэрлэн, Багшийн сургуулийн III дамжааны оюутан Ц.Хандсүрэн нартаа талархал илэрхийлж эрдэм судлалын ажилд тань их амжилтыг хүсэн ерөөе. 
МУБИС-ийн НОМЫН САНГИЙН ХАМТ ОЛОН