02-26
2025
📚НОМЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ📚
Шинэ могой жилийн босгон дээр МУБИС-ийн номын сангийн хамт олон бид тэртээ 1994-2004 онд цувралаар хэвлэгдсэн "Монголын уран зохиолын дээжис 108 боть" цувралыг лавлах ботийн хамт сэлбэн засаж эмхэлж цэгцэлж, цахим санд бүрэн оруулж, шинээр кодолж уншлаганд гарахад бэлэн болголоо. Учир нь энэхүү алдарт 108 боть цуврал нь уншлаганд маш их гардаг бөгөөд урагдалт элэгдэл 80%-100% хувьтай болж уншлагын хэрэгцээг хангах боломжгүй болоод байсан юм.
Ийнхүү бид сэлбэн засалт хийж цэгцэлснээр МУБИС-ийн төв номын сангийн Судалгааны танхим 2-т зуун найман боть маань бүрэн эхээр, бүрэн бүтэн хуудастай, цэвэрхэн, уншлаганд гарах боломжтой болсон бол Гэрээр ном олгох танхимаас 108 боть хараахан бүрэн биш ч 70 орчим боть гарах боломжтой боллоо.
Энэ удаагийн ажлын гол үр дүн ийнхүү 108 ботио уншлагын танхимд бүрэн цувралаар үзэх боломжтой болгосны дээр цахимаар бүрэн үзэх боломжтой болгож МУБИС-ийн номын сангийн Цахим санд байрлуулсан нь үнэхээр уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн, тэдний талархалыг өндрөөр хүлээсэн ажил боллоо.
МУБИС-ийн уншигч та МУЗД 108 ботийг цахимаар уншихыг хүсвэл МУБИС-ийн номын сангийн http://catalog.msue.edu.mn/ каталогоос Монголын уран зохиолын дээжис 108 боть түлхүүр үгээрээ хайн өөрийн хэрэгцээт ботио сонгон ЦАХИМ ХУВИЛБАР гэсэн хэсэгт МУБИС-ийн office 365-ийн нэвтрэх нэр, нууц үгээрээ дамжин унших боломжтой.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: МУЗД 108 боть цувралыг 1994 оноос эхлэн Монголын Зохиолчдын Эвлэлээс санаачлан эхний 8 ботийг хэвлүүлж эхлэсэн ба үргэлжлүүлэн 108 боть хүртэл хэвлүүлж 2004 онд дууссан байна. Энэхүү алдарт цувралд Монголын Нууц Товчоон(25), Алтан товч(49), Гэсэр(59), Жангар(101) зохиулаад багтсанаас гадна голчлон 20-р зууны шилдэг зохиолууд зохиолчынхоо намтартай бүрэн багтсэн гэж хэлж болно.
Тухайлбал Сайн үгсийн сан 1(1), Сайн үгсийн сан 2(9), Сайн үгсийн сан 4(33) ботиудад монголын эртний уран зохиол, монгол хэлт эртний зохиолчдын намтар, тэдний хятад, төвд хэлээр бичсэн бүтээлүүд багтсан байдаг бол Сайн цагийн мянган бурхад (19), Билгийн толь 1(55), Билгийн толь 2(56), Уран үгсийн чуулган 1(106), Уран үгсийн чуулган 2(108), Уран үгсийн чуулган 3(108) ботиудад XX зууны зохиолчдын товч намтар зохиол бүтээлтэйгээ орсон байдаг. Харин Цаасан шувуу 1(17), Цаасан шувуу 2(18), Цаасан шувуу 3(60), Цаасан шувуу4(61) ботиудад зохиолчдын захидал, дурдатгал хэвлэгдсэн. Бусад ботиудын хувьд голдуу нэг зохиолчийн бүтээлээр дагнан хэвлэгдэж тухайн зохиолчийн нэрд гарсан бүтээлээр ботийг нэрлэсэн байдаг.