09-01

2026

Сэтгэл өвтгөсөн “Сэтгэлийн бууц”... ШИНЭ НОМ

Сэтгэл өвтгөсөн “Сэтгэлийн бууц”... ШИНЭ НОМ 

Зарим нь “монгол гэж байхгүй” хэмээн үгүйсгэхийг оролдож байхад, зарим нь “бид монгол байсан юм шүү” гэдгээ үр хойчдоо үлдээхээр хичээж байна.

Тэд сургуулиа, багш нараа, сурагч ахуйгаа, монгол хэлээр эрдэм мэдлэг эзэмшиж байсан он жилүүдээ түүхийн хуудсанд “монгол сургууль, монгол хэл байсан гэнэ лээ” гэсэн төдий дурсамж болгон орхихыг хүссэнгүй. Харин өөрсдийн туулсан амьдрал, хамтын ой санамжаа дурсамжийн ном болгон цувралаар хэвлүүлж, баримт болгон үлдээхээр шийджээ.

Сэтгэлийн бууц” нэртэй энэхүү шинэ номыг хэдхэн хоногийн өмнө Байгал багш Baikal Tu өөрийн биеэр манай номын санд авчирч өгсөн юм. Байгал багш Өвөр Монголын Шилийн гол аймагт төрсөн бөгөөд өдгөө Японы Оберлин их сургуульд шашин судлалын чиглэлээр багшилдаг.
Номынх нь тухай сонсоод сэтгэл хөндүүрлэхгүй байхын аргагүй байлаа.

Өвөр Монголд монгол хэлээр хичээллэдэг монгол сургууль, хятад хэлээр хичээллэдэг сургууль 1960-аад оноос зэрэгцэн оршиж ирсэн. Монгол сургуулийн сурагчид бага ангийн үндсэн хичээлүүдээ монгол хэлээр үзэж, хятад хэлийг тусдаа хичээл болгон судалдаг байсан бөгөөд цэцэрлэгээс их сургууль хүртэл монгол хэлээр суралцах боломжтой тогтолцоо бүрэлдсэн байв.
Гэвч их гүрний нэгтгэн уусгах бодлого аажмаар чангарч, хөдөөгийн хүн амын цөөрөлт, малчдыг суурьшуулах, сургуулиудыг төвлөрүүлэх бодлогын хүрээнд жижиг монгол сургуулиудыг нэгтгэх, татан буулгах үйл явц эрчимжжээ.

Улмаар монгол хэлээр хичээллэдэг сургуулиудад:

2020 оноос хэл, уран зохиол, 2021 оноос ёс суртахуун ба хууль буюу иргэний боловсрол, 2022 оноос түүхийн хичээлийг хятад хэлээр заах бодлогыг үе шаттай хэрэгжүүлсэн байна.

Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр 2023 оны есдүгээр сарын 1-нээс бага, дунд сургуулийн хичээлүүдийг үндсэндээ хятад хэлээр заах тогтолцоонд шилжжээ. Монгол хэл зарим сургуульд тусдаа хэлний хичээл хэлбэрээр үлдсэн боловч бусад хичээлийг монгол хэлээр заах үндсэн үүргээ алдсан байна. Өөрөөр хэлбэл, 2023 он гэхэд монгол хэлээр бүхэлд нь сургалт явуулдаг тогтолцоо үндсэндээ зогсжээ.
Мэдээж Өвөр Монголын ард түмэн зүгээр суугаагүй.

Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд явуулахаас татгалзаж, сурагчид хичээлээ хаяж, багш, сурагч, эцэг эхчүүд гарын үсэг цуглуулан өргөх бичиг гаргажээ. Сургуулиудын гадна олноороо цугларч, нийгмийн сүлжээгээр монгол хэлээ хамгаалах хөдөлгөөн өрнүүлсэн байна. Монгол Улс, Япон, Өмнөд Солонгос болон бусад оронд ч тэднийг дэмжсэн эв санааны нэгдлийн жагсаал болсон юм. Гэвч цагдаагийн хяналт, баривчилгаа, төрийн албан хаагч эцэг эхчүүдийг ажлаас халах болон бусад хариуцлагаар сүрдүүлэх, хүүхдүүдийг сургуульд буцаан явуулахыг шаардах, эсэргүүцлийн мэдээлэл, дүрс бичлэгийг цахимаас устгах, оролцогчдыг мэдээлсэн хүнийг урамшуулах зэрэг хүчтэй дарамтын өмнө дарагдсан билээ.

 Эх хэл гэдэг хүмүүс хоорондоо ойлголцох төдий хэрэгсэл биш. Өөрий эх хэлтэй хүн эх оронтой гэсэн үг. Хүн эх хэлээрээ анх ертөнцийг таньж, ээж аавынхаа хайрыг мэдэрч, нутаг ус, түүх соёл, өвөг дээдэстэйгээ холбогддог. Бидний баяр, гуниг, дурсамж, ертөнцийг харах үзэл хүртэл эх хэлний маань үг, аялга, утгаар бүтдэг. Тиймээс эх хэлээ алдана гэдэг хэдэн үгээ мартах төдий зүйл биш. Өөрийгөө хэн болохыг таних нэгэн чухал тулгуур, үеэс үед дамжих хамтын ой санамжаа аажмаар алдана гэсэн үг.
Өвөр Монголын монгол сургуулиудын түүх үүнийг бидэнд тодхон сануулж байна. Гэхдээ тэд их хүчний өмнө ялагдсан ч сэтгэл зүрхэндээ ялагдаагүйг “Сэтгэлийн бууц” ном харуулж байна. Сургуулиа, багш нараа, сурагч ахуйгаа, монгол хэлээр мэдлэг эзэмшиж байсан үеэ мартагдахад хүргэхгүйн тулд тэд дурсамжаа цуглуулж, цуврал ном болгон хэвлүүлж эхэлжээ. Энэ ажлыг Байгал багш санаачилж, Өвөр Монголын нутгийнхан нэгдэн, өөр өөрийн монгол сургуулийн түүх, дурсамжийг бичиж үлдээж байгаа юм байна. Тиймээс энэ бол зүгээр нэг хуучны сургуулийн дурсамжийн ном биш. Түүхээс арчигдаж болзошгүй үнэт зүйлээ бичгээр гэрчлэн үлдээж буй соёлын тэмцэл юм.

Хэл нэг өдөр гэнэт алга болдоггүй. Эхлээд хэрэглэгдэх орон зай нь хумигдана. Дараа нь сургууль, албан байгууллага, ном хэвлэлээс шахагдана. Улмаар эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйг бодон өөр хэлний сургалтыг сонгож эхэлнэ. Эцэст нь хүүхэд эх хэлээ ойлгодог ч ярьж чаддаггүй, ярьдаг ч уншиж бичиж чаддаггүй үе ирнэ. Ийнхүү нэгэн үндэстний хэл чимээгүйхэн суларч, үе хоорондын холбоо нь тасарч угтаа тэр хэлийг хэрэглэдэг улс үндэстэн "алга" болдог. 

 Монгол Улсад амьдарч буй бид ч үүнээс сургамж авах учиртай. Хүүхдээ гадаад хэл сургах нь түүний ирээдүйд чухал. Харин гадаад хэлийг сайн эзэмшүүлэхийн төлөө эх хэлээрээ ярьж, уншиж, бичиж, сэтгэх чадварыг нь орхигдуулж болохгүйг хүн бүр ойлгож эхлээд эх хэлийг нь эзэмшүүлэхийн чухлыг хожимдоогүй дээрээ анхаарах учиртай. Олон хэлтэй болох нь бахархал боловч эх хэлгүй болох нь нөхөж баршгүй гарз гэдгийг бүгд мэднэ. Хэлээ хамгаалах хамгийн бат бөх хамгаалалт нь зөвхөн хууль, уриа биш.

Гэр бүлдээ эх хэлээрээ ярилцах, хүүхдэдээ монгол ном уншиж өгөх, дурсамжаа бичих, ном хэвлэх, нутгийн нэр, аман түүх, дуу шүлгээ өвлүүлэх зэрэг өдөр тутмын энгийн үйлдлээс л эхэлнэ. Бид эх хэлээ хэрэглэж, бичиж, уншиж, хүүхдэдээ өвлүүлж байж л хамгаална.Хэрэглэхгүй орхисон хэл аажмаар бүдгэрч, сайндаа л дурсамж болон үлдэнэ. Харин хайрлан хэрэглэсэн хэл үеийн үед амьдарна. Эх хэл бол өвөг дээдсээс өвлөж авсан өмч төдий биш. Ирээдүй үедээ бүрэн бүтнээр нь хүргэж өгөх эх орон, түүх, үндэс угсаа, бидний оршихуйн баталгаа билээ. .