09-19

2025

Mongolian National University of Education

- Та энэ удаа ямар ажлаар ирэв.

Би энэ удаа Монголд гурван гол ажлаар ирлээ. Жилдээ нэг ирдэг болохоор шинэ номууд хэвлүүлэх, эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл тавих, уулзалт ярилцлагад оролцох гэх мэт ажил цөөнгүй.

  • Гол ажил бол олон улсын номын сангийн стандартын гарын авлага хийж ирснээ танилцуулж, түгээх
  • Удаах нь АНУ-ын Конгрессын номын санд Монголын эрдэмтэн судлаачдын  Монгол судлалд холбогдох ном бүтээлийг хандиваар авах ажлыг танилцуулах
  • Гурав дахь нь МУБИС-ийн Монгол судлалын багш нарын Конгрессын номын сан дахь ном зүйг бүрдүүлэх ийм гурван ажилтай ирсэн. Ажлууд бүгд амжилттай бүтээд явж байна.

Номын сангийн сан хөмрөг бол үеийн үед номын сангийн каталогоор дамжин тухайн бүс нутагтаа төдийгүй дэлхий ертөнцөд тархаж ирсэн билээ. Мэдээлэл технологийн нээлттэй энэ эрин үед ном зүйн мэдээ мэдээллээ хуваалцах өргөн боломжийн нэг бол номын сангийн каталогийн нэгдсэн стандарт формат юм.

Нэгдүгээрт би өөрөө энэ сургуулийн төгсөгч, энэ сургуулийн багш. МУБИС-даа багшилж байгаад АНУ-руу явж байв. МУБИС-д сурч төгсөөд Конгрессын номын сангийн монгол номын санчаар ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд дахин эрдэм ном заасан төрөлх сургуулийнхаа номын санд төдийгүй Монголын номын сангийн салбарт ирж багшилж байгаадаа баяртай байдаг. Дэлхийн бүх номын сангуудын мөрдөж байгаа “MARC” форматаас Монгол улсын номын сангууд тэр дундаа МУБИС-ийн номын сан хоцролгүй бүр манлайлан яваад бахархдаг.

- MARC21 стандартын гарын авлага гарах болсон шалтгаан юу вэ? MARC21 форматын каталогжуулалт Монгол улсад ямар байгаа талаар

2010 оноос Монголын номын сангууд, 2018 оноос МУБИС-ийн номын сан олон улсын “MARC21” форматын “KOHA” программыг нэвтрүүлж каталогжуулалт төдийгүй бүхий л үйл ажиллагаандаа хэрэглэж эхэлсэн боловч өнөөг хүртэл чухам гар дээрээ бариад, баримжаа болгон ажиллах гарын авлага, сурах бичиг Монголд маань гараагүй л байна. Гэвч энэ нь өнгөрсөн хугацаанд номын санчид энэ талаар огт юм хийгээгүй гэсэн үг биш. Туршлага солилцох уулзалт ярилцлага хийж, стандарт форматыг орчуулах оролдлого гарган, нэгдсэн каталогийн талбартай болох, мөн нэг хийсэн каталогийг харилцан хуваалцах техник технологийн боломжийн талаар манай номын санчид байнга эрэлхийлсээр, өмнө өмнөхөөсөө улам бүр сайжирсаар ирснийг дурдах нь зүйтэй. Дээрх ахин дэвжих, мэргэших оролдлогуудын хамгийн үр дүнтэй нь Америкийн Монгол Судлалын Төвөөс санаачлан эхний удаад Монгол Улсын Үндэсний Номын сантай, хожим нь МУБИС-тай хамтран 2021-2023 онд хийсэн сургалтууд юм. “КОНА” программ хэрэглэдэг номын сангуудын мэргэжилтнүүдийг хамруулан, “MARC” форматаар дагнасан дээрх сургалтууд нь энэхүү гарын авлагын үндэс болсон.

Гурван удаагийн сургалтын эхнийх онлайнаар болсон ба сургалтад бүгд их сайн оролцсон ч номхон далайн хоёр талаас ярилцахаар технологийн стандартыг ойлгоход төвөгтэй байсан болов уу. Тэр дундаас хамгийн сайн ойлгож, каталог хийж сурсан номын санч бол Д.Цолмон байж хоёр дахь сургалтаас эхлэн  түүнтэй хамтарч ажиллахад МУБИС-ийн номын санч байж таарсан нь билигшээлтэй сайхан байсан. Гурав дахь сургалтыг МУБИС-ийн номын сан дээр зохион байгуулж туслах багшаар Д.Цолмон ажилласан юм.

Өмнө нь өөр стандартын программ дээр ажиллаж байсан ажилтнууд англи хэл дээрх “MARC21”-ийн гарын авлага бариад, шууд орчуулаад, сураад, каталог хийгээд явах боломж үгүй билээ. Харин өнгөрсөн 3 жилийн 3 удаагийн сургалтаар олон улсын номын сангийн программ хэрэглэж байгаа каталогч нар үндсэн суурь ойлголтоо авч, Монголын номын сангийн каталогжуулалт олон улсын стандартад нэлээд дөхсөн, тиймээс чухам өнөөдөр гарын авлагыг монгол хэлээр бичин хэвлүүлэх нь тохиромжтой цаг хугацаа мөн гэж үзсэн.

Мөн МУБИС-ийн номын сангийн каталогч, эрдэм шинжилгээний судлаач номын санч Д.Цолмон 2025 онд АНУ-ын Конгрессын номын санд “MARC21, KOHA” стандартаар мэргэжил дээшлүүлэн, дадлага хийж, хамтдаа ажилласнаар гарын авлагыг бүтээх тохироо нөхцөл аятай бүрдсэн билээ. Гарын авлагыг МУБИС-ийн удирдлага бүрэн дэмжиж хэвлэлтийг санхүүжүүлсэн нь нэн талархууштай. МУБИС-ийн номын сангийн эрхлэгч Ж.Баатарсүрэн мэргэжлийн номын санч, докторант залуу номыг редакторласнаар ном бүхэлдээ салбарын мэргэжилтнүүдийн гараас гарч байгаа нь энэ юм.

- Гарын авлага маань цаашид үргэлжлэн гарах уу?

Эхний гарын авлагат нэг дор, бүхнийг нэг гарын авлагаар заах боломжгүй учраас онолын хувьд ямар байх ёстой, цаашид юу юуг хийж гүйцэтгэх хэрэгтэйг дурдаад, жишээ зөвлөмжийг орууллаа. Номоо “Номын санчдын гарын авлага-1’ гэж нэрлэсэн маань учиртай. Цаашид заавал сурах, үйлдэх ёстой Нэрийн баталгаажуулсан бүртгэл, Тогтмол хэвлэлийн каталог, Сэдвийн түлхүүр үг, орчуулах нэг мөр болгох нэр томьёо гэх мэт олон зүйл үлдсэн тул сургалт ч үргэлжлэх ёстой, гарын авлага ч үргэлжлэн гарсаар байх учиртай юм. Ингэснээр цаашид Монголын номын сангийн салбар олон улсын МАRС форматын гарын авлагуудтай болж, олон улсын номын сангийн каталогжуулалтын сүлжээнд сан хөмрөгийн каталогоо нийлүүлэх, хөл нийлүүлэн алхах үүд хаалга нээгдэх болно.

 

Эмх замбараагүй их мэдээлэл, энэ шинэ үеийн тэрбум тэрбум ном хэвлэл бүгдийг цэгцлэн эмхэлж, ертөнцийг харах нүд хэмээдэг номыг ердийн хүний харах нүд, бодох тархинд буулгаж өгдөг каталог хэмээх агуу их ажил үүрэг, эрхэм хүндтэй үйлсэд хамтдаа хүчин зүтгэцгээе гэж хэлье дээ.

 

АНУ-ын Конгрессын номын сангийн номын санч, монгол номын мэргэжилтэн, Хэл шинжлэлийн ухааны доктор Мягмарын Саруул-Эрдэнэ