08-13

2025

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн номын санч Даваасамбуугийн Цолмон АНУ-д мэргэжил дээшлүүлээд өнөөдөр буцаж байна. 
Тэрбээр АНУ-ын Үндэсний номын сан болох Конгрессын номын сан, их сургуулийн эрдэм шинжилгээни номын сангийн төлөөлөл болох Пэннсилваниагийн их сургуулийн номын сан, олон нийтийн номын сангийн жишээ болох Ашбурн хотын номын санд сар илүү ажиллаж, маш ихийг сурч, бүтээлээ.


1. КНС-ийн Вояжэр хэмээх программ дээр ажиллаж, каталог хийж үзлээ
2. Монгол бичиг, кирилл үсгийг уг эхээр нь каталогт үзүүлж чадах Транслитэрэшн гэж программ дээр ажиллаж сурлаа
3. OCLC хэмээх дэлхийн номын сангийн сүлжээнд буй ямар ч номын каталогийг хуулж авч оруулах аргыг сурлаа.    Сурсан аргаараа монгол төдийгүй турк ном оруулж туршлаа
4. КНС-ийн шинэ систем болох MARVA, LCAP, FOLIO зэрэгтэй танилцаж, ажиллаж үзлээ
5. UPENN номын сантай танилцаад зогссонгүй, номын санч нартай нь хамтран ажиллаж, тус номын сан дахь гурван ч монгол уран бичлэгийн каталогийг хийж өглөө 
6. Ашбурн хотын номын сангийн хүүхдэд зориулсан тусгай хөтөлбөрт оролцож, нийтийн номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа
7. Конгрессын номын санд үнэмлэхээ нээлгэж, ном хайж сураад, судалгаа хийх гэж буй номоо захиалан авч уншлаа
8. Бяцхан номын сан төслийг сонирхон судалж, Монголдоо туршиж үзэхээр боллоо
Манай энэ хөтөлбөр Монгол номын санчийг Америкийн номын санд дадлага хийлгээд зогсохгүй, ерөөс Америкийн ахуй амьдралд оруулах, соёлын холбоос тогтоох давхар зорилготой учраас Д. Цолмон бээр үргэлжлүүлэн, номын сангаас гадуур:
9. Монголд мод тарих 10К кросс гүйлтэд оролцож, насныхаа ангилалд хүрэл медаль хүртлээ
10.  Виржиниа, Мариланд, Баруун Виржиниа, Пэннсилваниа, Охайёо, Индиана, Иллиной гэсэн долоон муж, Ди Си хэмээх нэг холбооны тойргоор аяллаа
11. Индиана мужийн Блүүмингтон хот дахь “Монгол хэл соёлын зуслан”-д сайн дураар ажиллан, Америкийн монгол хүүхдүүдэд эх хэл соёлоо заалаа
12. Билли Гоат хэмээх байгалийн үзэмжит хүрээлэнгээр хэдэн арван бээр алхлаа... За тэгээд, Индианагийн их сургууль, Амишийн хотхон, Шекспирийн номын сан гээд үзсэн харсан бүгдийг нь тоочиж барахгүй, үүгээр өндөрлөе!
Зураг дээр: МУБИС-ийн зочин профессор М. Саруул-Эрдэнэ, МУБИС-ийн номын санч Д. Цолмон нар МУБИС-ийн бэлгэдэл Мубси хэмээх мазаалай бүхий өмсгөлөө өмсөөд Конгрессын номын сангийн хандивын номын каталогийн талаар ярилцаж байгаа нь.
Жич: Энэ оны 9 сараас Цолмон бид хоёр МУБИС-ийн номын сан дээр 3 томоохон төсөл хэрэгжүүлэхээр тохиролцон, ажлынхаа 50 хувийг энэ завсар хийж дуусгав.

Энэ гурван төсөл нь, 1. Монголын каталогч номын санч нарт тустай, 2. Монгол судлаач эрдэмтдэд тустай, 3. МУБИС-ийн монгол судлалын багш нарт тустай, ийм гурван ажил байх юм.