03-11

2026

Аливаа улсын Үндэсний номын сан нь тухайн улс үндэстнийхээ хэл соёл, түүх утга зохиолын өвийг хадгалах хамгаалах, тодорхойлох судлах үүрэгтэй байдаг бол АНУ-ын Конгрессын номын сан нь дэлхийн бүхий л хэл соёлын хүрээнд тийм үүргийг гүйцэтгэдэг юм. Тийм ч учраас дэлхийн бүх улсаас ном авдаг, үүний доторх Монгол судлалын цуглуулга нь ч чамгүй баялаг билээ.
Харамсалтай нь өнгөрсөн жилээс эхлэн Монголоос ном авах төсөв нь эрс буурсан юм. Гэтэл манай монгол судлаач нар ном бүтээлээ КНС-т хадгалуулах, хандивлах хүсэлтэй байдаг, нэг талаас номын сангийн хэрэгцээ, нөгөө талаас монгол судлаач нарын хүсэл... Энэ хоёрыг холбох гүүр хэрэгтэй байлаа.
Өнгөрсөн 9 сард МУБИС-ийн Номын сан, АНУ дахь Монгол Улсын ЭСЯ, бид гуравласан гэрээ байгуулж, МУБИС нь монгол судлалын бүтээлийг хүлээн авах, шалгаруулах, анхан шатны бүртгэлийг үйлдэх, ЭСЯ, Элчин сайд Ө. Батбаяр нь Вашингтон хотод авчрах ажлыг хариуцах, миний бие ирсэн хойно нь чанартай сайн каталогийг үйлдэж, олон улсын монгол судлаач нарын хүртээл болгох үүргийг хүлээсэн билээ.
Талууд үүргээ нэр төртэй гүйцэтгэснээр өнөөдөр Монгол судлалын 99 бүтээл тус номын санд ирлээ. МУБИС-ийн номын сангийн номын санч нар бүртгэл тооцоог уйгагүй хийж, хайрцаглан бэлдэв. ЭСЯ Монгол улсаас зөөвөрлөн авчрав. Бүтээлүүдийн каталогийг үйлдэж, зохиогч нарын нэрийн баталгаажуулсан бүртгэлийг үүтгэх ажил эхлэв. 
Номын буян цаглашгүй ээ.