10-06

2026

📚 МУБИС-ИЙН НОМЫН САНД ШИНЭ БҮТЭЭЛ НЭМЭГДЛЭЭ

Цахим каталог https://ecatalog.msue.edu.mn/

МУБИС-ийн Нийгмийн ажил, Сэтгэл судлалын багш, судлаачдын бэлэглэсэн “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдэд сэтгэцийн гэмтэлд суурилсан хамгааллын цогц үйлчилгээ үзүүлэх арга зүй” цогц гарын авлагын багцыг Номын сан хүлээн авч, сан хөмрөгтөө нэмлээ.

Энэхүү бүтээл нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийг илрүүлэх, таньж тогтоох, холбон зуучлах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, кейс менежмент хэрэгжүүлэх, хамгааллын цогц үйлчилгээ зохион байгуулах зэрэг хүүхэд хамгааллын үйл ажиллагааны чухал үе шатуудад практик арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой.

" Эдгээр номыг МУБИС-ийн багш судлаач, оюутан суралцагчид төв номын сангийн Үндсэн фондноос гэрээр авч үзэж судлахаас гадна та гадны уншигч бол Судалгааны танхим-4-өөс танхимд сууж уншиж судлах боломжтой.

📖 Гарын авлагын багц нь 3 үндсэн бүтээлээс бүрдэнэ.

1. “Сэтгэцийн гэмтэлд суурилсан үйлчилгээ”
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдэд сэтгэцийн гэмтэлд суурилсан хамгаалал, үйлчилгээ үзүүлэх арга зүйг танилцуулна.

2. “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдийг таньж тогтоох, холбон зуучлах”
Хохирогч хүүхдийг илрүүлэх, таньж тогтоох, шаардлагатай үйлчилгээ болон байгууллагатай холбон зуучлах арга, зарчмыг багтаасан.

3. “Кейс менежмент”
Хохирогч хүүхдийн нөхцөл байдлыг үнэлэх, хамгааллын үйлчилгээг зохион байгуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг хангах кейс менежментийн арга зүйг тусгасан.

4. "Мэргэжлийн удирдлага"
Сэтгэцийн дам гэмтэл, Клиник мэргэжлийн удирдлагаар хангах арга зүйг багтаасан.

🌱 Энэхүү бүтээлийн онцлог, ач холбогдол

Гарын авлагыг боловсруулахдаа Монгол Улсын хууль тогтоомж, хүүхэд хамгааллын бодлого, олон улсын гэрээ конвенц, олон улсын сайн туршлага болон Монголын нөхцөлд ажиллаж буй мэргэжилтнүүдийн практик туршлагыг уялдуулсан байна.

Гарын авлагыг боловсруулахад Монгол Улсын төрийн байгууллагын мэргэжилтнүүд, хүүхэд хамгаалал, нийгмийн ажил, сэтгэл судлал, хууль эрх зүйн чиглэлийн багш, судлаач, практик ажилтнууд, олон улсын байгууллагын зөвлөхүүд оролцсон байна. Тухайлбал, Америкийн Нэгдсэн Улсын Efleison сангийн үүсгэн байгуулагч, захирал Лаура Кордиско Шай болон АНУ дахь Дэлхийн Зөн олон улсын байгууллагын хүүхэд хамгааллын чиглэлийн зөвлөхүүдийн олон жилийн туршлага, мөн Монголын нөхцөлд ажилладаг мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлагыг нэгтгэн боловсруулжээ.

Мөн МУБИС-ийн нийгмийн ажил, сэтгэл судлалын багш Х. Өлзийтунгалаг, Т. Цэндсүрэн, Б. Туяа болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох мэргэжилтнүүд, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлийн байгууллагын ажилтнууд болон төрийн бус байгууллагын нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хууль зүйн зөвлөхүүд оролцсон нь уг бүтээлийг олон салбарын хамтын ажиллагаанд тулгуурласан практик хэрэглэгдэхүүн болгожээ.

Америкийн Нэгдсэн Улсын мэргэжилтэн, зөвлөхүүдийн олон жилийн туршлага болон Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, хүүхэд хамгаалал, нийгмийн ажил, сэтгэл судлал, хууль эрх зүйн салбарын зөвлөх, судлаач, багш, практик ажилтнуудын хамтын оролцоотойгоор боловсруулсан нь энэхүү бүтээлийн үнэ цэнийг нэмэгдүүлж байна.

Ялангуяа хохирогч хүүхдийг зөвхөн гэмт хэргийн хохирогч бус, сэтгэцийн гэмтэлд өртсөн хүүхэд гэдгийг харгалзан үзэж, дахин сэтгэцийн гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, хамгаалал, халамж, нөхөн сэргээх үйлчилгээг хүүхдийн эрх, нэр төр, оролцоонд тулгуурлан хүргэхийг чухалчилсан байна.

Иймээс уг гарын авлага нь нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хүүхэд хамгааллын ажилтан, хууль сахиулах байгууллагын алба хаагч, багш, судлаач, оюутан болон хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдэд чухал хэрэглэгдэхүүн болох юм.

Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хамгаалуулах эрхтэй.
Хүүхэд хамгаалал бол бидний хамтын хариуцлага юм