10-15

2026

 📚 НОМЫН БУЯН ХУРСАН ӨДӨР — НА. СҮХБААТАР МУБИС-д 25 ЖИЛ

2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр МУБИС-ийн номын санд номын буян хурсан сайхан өдөр байлаа.

Түүхийн ухааны доктор, дэд профессор, МУБИС-ийн Нийгэм Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн Түүхийн тэнхимийн багш, Увс аймгийн Сагил сумын уугуул Надмидын Сүхбаатар буюу На.Сүхбаатар багш маань «МУБИС-д На.Сүхбаатар — 25 жил» дурсамж уулзалт, шинэ номын баяраа зохион байгуулж, номын сандаа сүүлийн үеийн 60 бүтээлээ бэлэглэснийг МУБИС-ийн номын сангийн эрхлэгч Ж.Баатарсүрэн хүлээн авлаа.

Энэхүү үйл ажиллагаанд МУБИС-ийн ректор доктор, профессор  Ж.Батбаатар, МУБИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын захирал дэд профессор Л.Мөнхтуяа, мэргэжил нэгт багш нар, анд нөхөд, уншигч, судлаачид хүрэлцэн ирж, На.Сүхбаатар багшийн эрдэм судлал, багшлах үйлсийн 25 жилийн замнал, шинэ бүтээлийн баярыг хамтдаа хуваалцлаа.

Уулзалтын үеэр дэлгэн тавьсан бүтээлүүдийг оролцогчид сонирхон үзэж, номын хуудсыг эргүүлэн, зохиогчтой ярилцаж судлаачийн олон жилийн судалгаа, ном бүтээх хөдөлмөрийн үр шим нэг дор дэлгэгдсэн нь эрдмийн баярын нэгэн сайхан мөч байв.

Эрхэм багш маань их сургуульдаа ажилласан 25 жилийн замналаа эргэн дурсах энэ өдөр судлан туурвисан, эрхлэн хэвлүүлсэн бүтээлүүдээ уншигчдадаа зориулан өргөн барьсан нь оюутан, багш, судлаачдын суралцах, судлах үйлсэд оруулж буй үнэ цэнтэй хувь нэмэр билээ. 

ТУУРГА НЭГТНИЙХЭЭ ТҮҮХ, ӨВ СОЁЛЫГ СУДАЛСАН ЭРДЭМТЭН

На. Сүхбаатар багш Монголын түүхийг судлахдаа баруун Монголын баялаг түүх, өв соёлыг нийт монголчуудын түүхийн холбоо, харилцаанд авч үзэхийг чухалчилдаг. Ойрад монголчуудын түүх, шашин, хэл бичиг, ахуй соёл, дэлхий даяар тархан суусан тэдний амьдрал, хувь заяаг олон талаас нь судалж ирснийг бид бүхэн мэдэх билээ.

Багшийн эрдмийн үйлс шавь нараар нь үргэлжилж байдаг ёсоор халх, ойрад, буриад, өвөрлөгч, халимаг, тува, дээд монгол шавь нар нь баклавр, магистр, докторын зэргээ хамгаалсаар эх орондоо төдийгүй дэлхийд тархан судалгааны олон чиглэлээр ажиллан, шинэ мэдлэг бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа.

НОМ БҮТЭЭЖ, ТҮҮХЭЭ СУДАЛЖ, ЗАЛУУ СУДЛААЧДЫГ ДЭМЖСЭН 20 ЖИЛ

Багш маань 2006 онд түүх, соёл, хэл бичиг судлалын «Тод номын гэрэл төв»-ийг байгуулж, монголчуудын өв уламжлалыг судлах, сэргээн хөгжүүлэх, нийтийн хүртээл болгох, залуу судлаачдыг дэмжих ажлыг тууштай өрнүүлж ирсээр тус төв энэ онд 20 жилийн ойтойгоо золгосон. 

Энэ хугацаанд бидний сайн мэдэх алдарт Bibliotheca Oiratica буюу «Ойрад судлалын номын сан» цувралын 151 боть, энэ цувралын хүрээнд гаргадаг намтар судлалын Biography serica цувралын 32 дугаар, «Ойрад монголын түүх соёлын асуудлууд: залуу судлаачдын эрдэм шинжилгээний бичиг» цувралын 17 дугаар хэвлэгдээд байна. 

Мөн эрдэмтэн багш маань Ойрад монгол судлалын хүрээлэнгээ хэдэн жилийн өмнө байгуулж түүх, соёл, хэл бичиг, аман зохиол судлалын OIRATICA эрдэм шинжилгээний сэтгүүлийг гаргаж эхэлсэн бөгөөд жилд нэг дугаар гардаг энэхүү сэтгүүлийн дөрөв дэх дугаар нь удахгүй хэвлэгдэнэ.

Эдгээр хэвлэлүүд бүгд судалгааны үр дүнг уншигчдад хүргэхийн зэрэгцээ залуу судлаачдад бүтээлээ хэвлүүлэх, эрдмийн замналаа үргэлжлүүлэх боломж олгож буйгаараа онцлог төдийгүй Монголын түүхийн тэр дундаа Ойрадын түүх судлалын орон зайг бүрэн илэрхийлж хөгжүүлж яваа билээ. 

На. Сүхбаатар багшийн зохиосон болон оролцон бүтээсэн бүтээлийн тоо 200 хол давжээ. Тэрээр Монгол улсын түүхийн ухааны доктор профессор төдийгүй Халимаг, Тува улсын эрдэм судлалын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн нь түүнийг илтгэнэ. Судалгааны ажлынхаа зэрэгцээ Увс аймгийн 100 жилийн ойн концертын зохиол (Монгол хүн бүрийг огшоосон, бахархал дүүрэн нээлт концерт байсан), дуулалт жүжгийн цомнол, «Эвэн гол» дууны шүлэг бичсэн нь түүний бүтээлч замналын бас нэгэн өнгө билээ.

Энэ удаагийн номын бэлэгт цувралуудын сүүлийн дугааруудаас гадна саяхан цоо шинээр хэвлэгдсэн "Галдан Бошогт хаан: амьдрал тэмцэл"- 2026, "Тод бичгээрх ойрадын түүхэн сурвалж" -2026, Марал Томпиев, Мурат Уали нарын "Казакстан хил хязгаараа олж авсан эрин үе"- 2023, "Хутагт судрын аймгийн эрхт хаан дээд Алтангэрэл хэмээх их хөлгөний судар оршвой" -2026, "Увс аймгийн түүх"- 2025, "Сагил сумын түүх" - 2025 болон бусад олон бүтээл багтсан байсан. Эдгээр гайхалтай бүтээлүүдийг удахгүй цувралаар дэлгэрэнгүй танилцуулаад явах болно.  

Хамгийн сүүлд хэвлүүлсэн Галдан бошогт хаан: амьдрал тэмцэл бүтээл нь МУБИС-ийн «Эрдэм шинжилгээний нэг сэдэвт шилдэг бүтээлийг дэмжих хөтөлбөр»-ийн хүрээнд 2025–2026 оны хичээлийн жилд шилдгээр шалгарсан бүтээл билээ. 

Номын санч бидний хувьд эрдэмтний бүтээл уншигчийн гарт хүрч, хичээл, судалгаанд нь хэрэг болж байгааг харах хамгийн сайхан. На. Сүхбаатар багшийн бэлэглэсэн эдгээр ном олон оюутны сонирхлыг хөглөж, багш, судлаачдын эрэл хайгуулд түшиг болж, шинэ бүтээл төрөхөд хувь нэмрээ оруулах нь гарцаагүй юм. 

Эрдмийн бүтээлээрээ номын сангаа баяжуулж, уншигчдадаа оюуны үнэт бэлэг барьсан На. Сүхбаатар багшдаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Таны багшлах, судлан туурвих үйлс улам дэлгэрч, шавь нарын тань амжилт, уншигчдын тань талархлаар

үргэлж мялаалгаж байх болтугай