11-17

2026

📚 МОНГОЛЫН ТҮҮХЭН СУРВАЛЖ АНГЛИ ХЭЛЭЭР ХЭВЛЭГДЭЖ, МУБИС-ИЙН НОМЫН САНГААР ДАМЖУУЛАН АНУ-ЫН НОМЫН САНГУУДЫГ ЗОРИЛОО

XIX зууны Хөлөнбуйрын Барга угсааны төрийн зүтгэлтэн, зохиолч Далангуд Гүбэрийн «The Script Indicating the Origin of the Mongols» буюу «Олон Монголчуудын гарал үүслийг өгүүлсэн бичиг» бүтээл 2025 онд Улаанбаатар хотноо англи хэлээр хэвлэгдэн гарчээ.

Анх манж хэлээр бичигдсэн энэхүү түүхэн сурвалжийг 1988 онд монгол хэлнээ орчуулан хэвлүүлж, 2010 онд монгол бичгээр дахин хэвлэж байжээ.

Харин 2025 онд Дашнямын Начин монгол хэлнээс англи хэлнээ орчуулж, Цэдэнбалжирын Түмэн эрхлэн гаргаснаар монголчуудын түүх, соёлын өвийг олон улсын уншигч, судлаачдад хүргэх боломжийг өргөжүүлсэн байна.

Тус бүтээлд Далангуд Гүбэрийн бичсэн Хөлөнбуйрын 3 аймаг (үндэстэн)-ий түүх болон эмхэтгэсэн 19 бүтээл, түүний амьдрал, үйл ажиллагаатай холбогдох нэмэлт түүхэн баримтууд багтжээ.

🌏 МОНГОЛЫН ТҮҮХЭН ӨВ ДЭЛХИЙН НОМЫН САНГУУДАД

Номыг эрхлэн гаргагчид маань энэхүү бүтээлээ МУБИС-ийн номын санд бэлэглэсний зэрэгцээ тус номын сангаар дамжуулан АНУ-ын дараах номын сангуудад үнэ төлбөргүй бэлэг болгон илгээжээ.

  • АНУ-ын Конгрессын номын сан (Library of Congress)
  • Индианагийн их сургуулийн номын сан (Indiana University Libraries)
  • Пенсильванийн их сургуулийн номын сан (University of Pennsylvania Libraries)
  • Баруун Вашингтоны их сургуулийн номын сан (Western Washington University Libraries)

Энэхүү санаачилга нь Монголын түүхэн сурвалжийг олон улсын судлаачдын хүртээл болгох, монгол судлалын эх хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх, номын сангуудын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулж буй үнэ цэнтэй хувь нэмэр юм.

МУБИС-ийн номын сангийн хамт олон орчуулагч Дашнямын Начин, эрхлэн гаргасан Цэдэнбалжирын Түмэн нартаа монголчуудын түүх, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмэр, номын сангуудад өргөсөн үнэт бэлэгт нь чин сэтгэлийн талархал илэрхийлье.

📖 Монголын оюуны өв дэлхийн уншигчдад хүрсээр...

Номыг МУБИС-ийн номын сангийн Судалгааны танхим-1-д уншиж судлах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://ecatalog.msue.edu.mn/cgi-bin/koha/opac-detail.pl...

МУБИС-ийн Номын сан