10-08

2026

📙МУБИС-ийн БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН СУРГУУЛИАС ИРСЭН ХОЁР ШИНЭ НОМЫН МЭДЭЭЛЛИЙГ ТАНИЛЦУУЛЬЯ. 

📙📚Эхний ном. 

Японы боловсрол судлаач Тамүра Манабүгийн “Гүн суралцахуй” бүтээлийг МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн багш нар болох Боловсрол судлалын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Лхагвын Ариунжаргал, Боловсрол судлалын тэнхимийн докторант Лувсанжавын Наранзул, Боловсрол судлалын сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Даваасүрэнгийн Мөнхжаргал нар орчуулан уншигч судлаач нартаа өргөн барьсныг танилцуулж байна.  

Сурагч мэдлэгийг зөвхөн тогтоохоос цааш ахиж, хооронд нь холбон ойлгож, бодит нөхцөлд хэрэглэж сурахад багш хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ?

Энэхүү бүтээлд гүн суралцахуйн мөн чанарыг бага, дунд сургуулийн 10 хичээлийн бодит жишээгээр тайлбарлаж, сурагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, хамтран суралцах болон эргэцүүлэн дүгнэх үйл ажиллагааг хичээлд төлөвлөх арга замыг танилцуулжээ. Мөн багш нарын хамтын ажиллагаа, хичээлийн судалгаагаар сургалтын чанарыг сайжруулах асуудлыг авч үзсэн байна.

Ерөнхий боловсролын сургуулийн багш, боловсрол судлаач, багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудад зориулсан энэхүү бүтээлийг уншиж судлахыг урьж байна.

Цахим каталог: https://ecatalog.msue.edu.mn/ номын дэлгэрэнгүй мэдээллийг авч МУБИС-ийн төв номын сангаас гэрээр болон танхимаар авч үзэж судлах боломжтой. 

📙📚Удаах ном. 

МУБИС-ийн үйлийн судалгааны мэргэжлийн багийн эрдэмтэн, багш, судлаачдын хамтран бүтээсэн “Action Research in Mongolia” монографи.
Энэхүү монографи бүтээлийг Ардын багш, академич Б.Жадамба, профессор Кандэс Кэй, МУГБ, профессор Ж.Батдэлгэр, дэд профессор Ч.Байгалмаа, доктор Б.Жавзандулам, доктор Чана, докторант Л.Энхбаяр, докторант Б.Баярмаа, докторант Ө.Амарзаяа нар хамтран бүтээсэн байна.

Тус баг 2018 онд “Үйлийн судлал” сурах бичгийг боловсруулан гаргаж, сургалтын үйл ажиллагаанд туршин хэрэгжүүлсэн бөгөөд сурах бичгийн туршилт, судалгааны явцад хуримтлуулсан үр дүн, мэдлэг, туршлагад үндэслэн өнөөдрийн “Action Research in Mongolia” монографийг бүтээжээ.

Түүнчлэн МУБИС-ийн үйлийн судалгааны баг нь Америкийн Action Research Network of the Americas (ARNA) нийгэмлэгтэй хамтран ажиллаж, судалгааны арга зүй, туршлагыг олон улсын түвшинд хөгжүүлэн ажиллаж байна.