03-14

2025

Монголын номын сангуудад ном хандивлах үйл ажиллагаа боллоо

Монголын номын сангуудад ном хандивлах үйл ажиллагаа боллоо

     Монгол улс 2025 оноос хос бичигтэн буюу үндэсний монгол бичгээ албан ёсоор сэргээн хэрэглэж эхлэсэн энэхүү түүхэн цаг үед монголчууд бидэнд баяр хүргэж Япон улсын Оберин их сургуулийн профессор, түүхийн ухааны доктор Төвчүүд Байгал “Бурхан багшийн сургаал” номыг монгол бичигт хөрвүүлж Монголын нийт номын сангуудад хүртээхээр 10000 ширхэг хэвлүүлэн үнэ төлбөргүйгээр тараан хүргүүлж байгаа ажлын эхлэл өнөөдөр 2025 оны 3 сарын 12 ны өдөр МУБИС-ийн номын сангийн хурлын танхимд боллоо.

Эрдэмтэн хөрвүүлэгчийн чин сэтгэлийн бэлгийг түүний хүссэн могой жилийн шинийн 15-ны дотор багтаан монголын номын сангуудад хандивлах ажлыг эхлүүлж байгаадаа МУБИС-ийн номын сангийн хамт олон бид баяртай байна. 
   Үйл ажиллагаанд МУҮНС аас эхлээд бүх шатны 80 гаруй номын сангийн төлөөлөл хүрэлцэн ирж номын хандив хүлээн авав. 


  МУБИС-ийн номын сангийн эрхлэгч Ж.Баатарсүрэн үйл ажиллагааг нээсний дараа доктор Т.Байгалийн Япон улсаас ирүүлсэн мэндчилгээг зочдод сонсголоо. Үргэлжлүүлэн ШУА-ийн ХЗХ-ийн эрдэмтэн судлаач Р.Отгонбаатар, МУБИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгийн захирал Д.Ганболд нар Бурхан багшийн сургаал-ын тухай, түүний монгол орчуулгын тухай сонирхолтой яриаг хуваалцлаа. 


   Бурхан багшийн сургаалыг өдгөө дэлхий нийт шашины ном гэж үзэхээс илүү Буддын гүн ухааны, аж төрөхүйн, хүнлэг ёс, ёс суртахууны бүтээл гэж нэгэнт үзэж өргөнөөр судлах болсон билээ. 

        Одоогоос 30 жилийн өмнө 1996 онд тухайн үеийн Соёлын сайд байсан Намбарын Энхбаяр гуай “Бурхан багшийн сургаал”-ыг монгол хэлээр анх удаа олон нийтэд зориулан энгийн хэллэгээр өндөр түвшинд орчуулж, яруу найрагч, төр нийгмийн зүтгэлтэн О.Дашбалбар, Ж.Хатанбаатар нар хянан тохиолдуулж, Японд 10000 хувь хэвлүүлэн номыг нээх, хүлээн авах ажиллагаанд оролцсон 500 хүнд 500 ширхэг номыг үнэгүй тарааж, бүх номын сангуудад бэлэглэж байсан түүхтэй. Байгал эрдэмтэн энэ удаа Бурхан багшийн сургаалыг монгол бичигт хөрвүүлэхдээ 1996 оны Намбарын Энхбаяр гуайн орчуулгыг баримтлан хөрвүүлсэн байна. 

    Ийнхүү бид өнөөдрийн ажлаараа УБ хот дахь бүх шатны номын сангийн төлөөллүүддээ бэлэглэж байгаа бол орон нутагт аймаг, сум, сумын сургуулийн номын сангуудад МУҮНС-тай хамтран тараан хүргүүлж, ЕБС-ийн номын сангуудад Хүүхдийн Төв Номын Сантай хамтран хүргүүлэх юм. Бусад байгууллага, их дээд сургуулийн номын сангууд МУБИС-ийн номын санд хэдийд ч ирж номын хандив хүлээж авахад нээлттэй байх болно.

Ийнхүү монголын бүх уншигчдад чин сэтгэлээсээ номын бэлэг илгээсэн багш Байгалдаа монголын нийт номын санчид, уншигчдын өмнөөс гүн талархал илэрхийлье. 
Номын цагаан буян дэлгэрэх болтугай. 
Хүндэтгэсэн: МУБИС-ийн номын сан