08-03

2026

Ирэх намрын шаргал өдрүүдэд баяртайгаар уулзаж Их мэдлэгийн далайд хамтдаа аялцгаая.

Хичээлийн нэгэн жил ийнхүү өндөрлөж
Хичээнгүй оюутнуудын минь амралт эхэллээ.
Номын мөрөөр хамтдаа алхсан өдрүүдээ дурсаж
Номин эрдмийн өргөөгөө бид ч бас түр амраая.
Номын үнэртэй танхимдаа хамтдаа нөхөрлөж
Номхон өдрүүдийг мэдлэгээр гэрэлтүүлжээ бид
Зуны дэлгэр цаг айлчлан ирсэн тул
Зүрх дүүрэн дурсамжаа өвөртлөөд амарцгаая.
Оюутан бүхэн минь мөрөөдөлдөө ойртож
Орчлонгийн сайн сайхныг улам ихээр таниг
Шинэ мэдлэг, шинэ хүсэл өвөртлөн ирээд
Шинэхэн намар дахин уулзацгаая бүгдээрэй.
Номын санч хэмээх эрхэм нэрээрээ бид бахархдаг
Номын гэрэл түгээх их хувьтайдаа талархдаг
Оюуны гэгээ татсан энэ сайхан албандаа
Омог бардам, сэтгэл дүүрэн явдагдаа бид.
Өчигдөрхөн номын сангийн уншигч байсан оюутнууд маань
Өнөөдөр ирээдүйг чиглүүлэх багш болон амьдралд одох нь уярам.
Багш хүн зөвхөн хичээл заадаггүй бас мөрөөдөл асаадгийг санаж
Байнгын зөвлөгч туслагч нь байгаарай шавь нартаа. 
Харин ирээдүйд багш болохоор шинэхэн элсэх дүү нартаа
Хичээл зүтгэлээ тэтгэх газар чинь номын сан байх болно 
Номын сантай нөхөрлөсөн оюутан мэдлэгээр баяжиж
Мэдлэгээр баян иргэн эх орны бахархал билээ.
Өнөөдрийн оюутан маргаашийн багш
Өнөөдрийн уншигч маргаашийн манлайлагч болдог
Мэдлэгтэй манлайлагчийн гэрэл гэгээ
Мөнхөд бусдын замыг гэрэлтүүлдэг жамтай.
Амралтаа аз жаргалтай, хөгжилтэй өнгөрүүлээрэй бүгдээрэй
Алсын мөрөөдөлдөө улам ойртон тэмүүлээрэй
Ирэх намрын шаргал өдрүүдэд баяртайгаар уулзаж
Их мэдлэгийн далайд хамтдаа аялцгаая.
МУБИС-ийн НОМЫН САН