11-17

2026

ШИНЭ НОМ ИРЛЭЭ 📚📙

1. МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш, профессор Р.Мижиддорж багшийн орчуулсан БНХАУ-ын «ОРЧИН ҮЕИЙН МАТЕМАТИКИЙН СУУРЬ» ЦУВРАЛЫН 77 дахь бүтээлийн монгол хэлнээ хөрвүүлэгдсэн хэвлэл. 

2. МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш, профессор Р.Мижиддорж багшийн редакторласан Монголын хоёр эрдэмтэн Тугалын Жанлав, Очбадрахын Чулуунбаатар нарын судалгаанд үндэслэсэн, анх Springer хэвлэлийн газраас англиар гарсан бүтээлийн Хятадад хэвлэгдсэн англи хэл дээрх хувилбар New Developments of Newton-Type Iterations for Solving Nonlinear Problems буюу Шугаман бус бодлогуудыг шийдвэрлэх Ньютоны төрлийн давталтын аргуудын шинэ хөгжил ном юм.

«ОРЧИН ҮЕИЙН МАТЕМАТИКИЙН СУУРЬ» ЦУВРАЛЫН 77 дахь эрдэм шинжилгээний бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлсэн баг бол академич О.Чулуунбаатар, академич Д.Цэдэнбаяр нартай хамт МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш, профессор Р.Мижиддорж, доктор Б.Батгэрэл,  С.Мөнхзул нар юм байна. 

БНХАУ-ын Бээжин хотноо Дээд боловсролын хэвлэлийн газар (Higher Education Press, 高等教育出版社)-аас эрхлэн гаргадаг «Орчин үеийн математикийн суурь» (现代数学基础) цуврал нь 2007 оноос хэвлэгдэж ирсэн, 20 орчим жилийн түүхтэй, математикийн мэргэжлийн болон эрдэм шинжилгээний бүтээлийн цуврал юм.

Хятадын Шинжлэх ухааны академийн академич, нэрт математикчдын бүтээлийг багтаасан энэхүү цуврал нь алгебр, геометр, топологи, тооны онол, магадлалын онол, функциональ анализ, дифференциал тэгшитгэл, динамик систем зэрэг орчин үеийн математикийн үндсэн чиглэлүүдийг хамардаг бөгөөд 2025 оны байдлаар 90 гаруй дугаар хэвлэгдээд байна.

Тус цувралын 77 дахь бүтээл болох Алтансан (Alatancang), DeYu Wu, JunJie Huang, Guo-lin Hou нарын хамтран туурвисан «Төгсгөлгүй хэмжээст Гамильтон операторын спектрийн анализ» (无穷维 Hamilton 算子谱分析) нэг сэдэвт бүтээл 2023 онд хятад хэлээр хэвлэгдсэн бол 2025 онд монгол хэлнээ орчуулагдан уншигчдын хүртээл болжээ.

Энэхүү бүтээлд төгсгөлгүй хэмжээст Гамильтоны операторын спектрийн онолыг гол сэдэв болгон, математик, физик, механикийн салбарт хэрэглэх математик-физикийн онол, аргуудыг авч үзэхийн зэрэгцээ сүүлийн гучаад жилийн хугацаанд БНХАУ болон бусад улс оронд хийгдсэн судалгааны үр дүнг системтэйгээр нэгтгэн дүгнэсэн байна.

Тус бүтээлийг англи, япон, кирилл монгол, уйгаржин монгол гэсэн дөрвөн хэл, бичгээр орчуулан хэвлүүлэхээр төлөвлөж буйг зохиогч Алтансан монгол орчуулгын оршилдоо дурджээ.

Энэхүү бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлсэн нь орчин үеийн математикийн нарийн мэргэжлийн судалгааны бүтээлийг эх хэлээрээ уншиж судлах боломжийг өргөжүүлэх, монгол хэлний шинжлэх ухааны нэр томьёог хөгжүүлэх, математикчид, багш, судлаачид, магистрант, докторантуудын судалгааны эх хэрэглэгдэхүүнийг баяжуулахад чухал ач холбогдолтой юм.

Эрдэм мэдлэгийг эх хэлээрээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нийт орчуулагч, редакторууд, тэр дундаа бүтээлийн дээжээ сургуулийн номын сандаа хандивласан МУБИС-ийн профессор Р.Мижиддорж багшдаа баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.

Дээрх 2 бүтээлийг МУБИС-ийн төв номын сан, МБУС-ын номын сангуудаас тус тус үзэж судлах боломжтой. 

Номын каталогоос дэлгэрэнгүй мэдээлэл: 

эхний ном: https://ecatalog.msue.edu.mn/cgi-bin/koha/opac-detail.pl...
удаах ном: https://ecatalog.msue.edu.mn/cgi-bin/koha/opac-detail.pl...


МУБИС-ийн Номын сан