05-12

2026

“ЛАРСОН ГҮН: ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ, ЗУРГИЙН ЦОМОГ”

📖 Номын нээлт

МУБИС-ийн төгсөгч, Монгол хэл шинжлэлийн доктор, Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын номын сангийн Монгол номын санч багшийн Монгол судлалтай холбоотой “ЛАРСОН ГҮН: Өгүүлэл, нийтлэл, зургийн цомог” нэртэй түүхэн баримтат номын нээлт өнөөдөр боллоо.

Тус бүтээл нь М.Саруул-Эрдэнэ багшийн Ларсон гүнтэй холбоотой хоёр дахь ном бөгөөд 2025 онд Конгрессын номын сангийн архив, цуглуулгад тулгуурлан “Монгол Нэгдсэн Үндэсний Байгууллагад элсэх ёстой” нэртэй бүтээлээ олны хүртээл болгосон юм.


Ларсон гүний зээ охин Виржиниа Харт 2021 онд өвөг эцгийнхээ бүх бичиг баримт, гар бичмэл, гэрэл зураг болон холбогдох материалыг Конгрессын номын санд өгсөн байна. Энэ удаад уг цуглуулгад хадгалагдаж буй сонирхолтой өгүүлэл, нийтлэлүүдээс түүвэрлэн орчуулж, гэрэл зургийн цомгоос нь сонгон эмхэтгэжээ.

М.Саруул-Эрдэнэ багш номын өмнөх үгэндээ:

“Ийнхүү орчуулж хэвлүүлж байж, тэр нь түүхч нарын ширээн дээр эх сурвалж болон очиж байж, түүхэн дэх үүрэг, гавьяа хийгээд гай нь тодрох буй заа.

Тийм ч учраас миний бие номын санч, эх судлаач хүний хувьд ажиллаж байгаа номын сандаа хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой баримт сэлтээс хуваалцах үүднээс эдгээр эхээс сонгон орчуулж, баримтын холбогдолтой зүүлт тайлбарыг үйлдэн хэвлүүлж байна.

Судалгаандаа ашиглах, цааш нь тодруулах, дүгнэлт гаргах зэрэг эрхийг мэргэжлийн түүхч нарт даатган үлдээе.”

📚 Бүтээлийн ач холбогдол

Судлаачдын үзэж буйгаар энэхүү бүтээл нь Монгол судлал, Монголын түүх болон боловсрол судлалын салбарт үнэт хувь нэмэр оруулах ач холбогдолтой ном болжээ.

#Дашрамд
МУБИС-ийн төгсөгч, Монгол хэл шинжлэлийн доктор М.Саруул-Эрдэнэ багш нь МУБИС-ийн Номын санг АНУ-ын Конгрессын номын сантай хамтран ажиллах шинэ боломжуудыг нээн өгч, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, идэвхтэй дэмжин ажиллаж буйг онцлоход таатай байна.